Sunday, May 6, 2012

Пазырыкын шивээст хүний тухай. Төмөр зэвсгийн эхэн үе МЭӨ VII-III зуунд Евразийн тал нутагт бие биетэйгээ адил төстэй нүүдэлчдийн олон соёл оршин байсан Монгол, Байгал нуурын наад бие нутагт дөрвөлжин булштангууд, Тувад уюукчууд, Алтайд Майэмир, пазырыкчууд, Дундад Ази, Казакстанд Сакууд, Минусын хотгорт Тагарчууд, Хар Тэнгис орчимд Скифчууд амьдарч байсан ба эдгээр соёлуудыг багцалж скиф хэлбэрийн соёлууд гэх буюу Скиф-Сибирийн ертөнц гэж нэрлэдэг.


Пазырык - Пазырыкчууд гэж хэн бэ?


Пазырыкын шивээст хүний тухай. Төмөр зэвсгийн эхэн үе МЭӨ VII-III зуунд Евразийн тал нутагт бие биетэйгээ адил төстэй нүүдэлчдийн олон соёл оршин байсан Монгол, Байгал нуурын наад бие нутагт дөрвөлжин булштангууд, Тувад уюукчууд, Алтайд Майэмир, пазырыкчууд, Дундад Ази, Казакстанд Сакууд, Минусын хотгорт Тагарчууд, Хар Тэнгис орчимд Скифчууд амьдарч байсан ба эдгээр соёлуудыг багцалж скиф хэлбэрийн соёлууд гэх буюу Скиф-Сибирийн ертөнц гэж нэрлэдэг. Судлаачид Оросын нутаг дэвсгэрт энэ үеийн олон археологийн соёлыг нээн судлаад байгаагаас Минусын хотгорт тагарын соёл, Тувад Аржаны ба уюукийн (саглыний соёл) соёл, Алтайд майэмирийн ба пазырыкийн соёлыг өргөн хүрээтэй судлаж ирлээ. Монгол Алтайтай хил залгаа Орос, Хятад, Казахстаны Алтайд МЭӨ VI-II зуунд холбогдох соёлыг пазырыкийн соёл гэж нэрлэнэ.



Пазырыкчууд гэж хэн бэ? - Эртний хятадын түүх сударт нэр нь гардаг юэчжи нар юм гэж судлаачид үздэг. Пазырыкчууд бол хагас нүүдэлчид. Тэд голчлон мал аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд мал аж ахуйгаас гадна газар тариалан, загас агнуур тодорхой үүрэгтэй байсныг үгүйсгэх аргагүй. Мөн гар урлал өндөр хөгжсөн байсан нь пазырык булшнаас гардаг олдворууд, урлагийн бүтээлүүд гэрчилдэг. Тэд антропологийн хэв шинжийн хувьд монгол, европ төрхтний холимог бөгөөд жирийн иргэдийн хувьд европоид төрх давамгайлдаг бол язгууртны дунд монголоид төрх давамгайлдаг байжээ.

Нийгмийн зохион байгуулалтын хувьд нарийн бүтэцтэй давхраажсан болох нь "хаадын булш" ба жирийн иргэдийн булш хэмжээ хэлбэр, дагалдуулсан эд өлгийн зүйлийн хувьд эрс ялгаатай байдгаас харагдаж байдаг. "Пазырык" гэдэг үг нь Оросын Алтайд байх нэгэн асар том булшны нэр бөгөөд уг булшийг 1929 онд С.И.Руденко нар малтаж судалсан байна. Үгийн утга нь монголчилбол "булш" гэсэн үг бололтой. Монголын мончок-тува нар булшийг "бажираг" гэж хэлдэг байна. Эрдэмтэд пазырыкийн соёлын он цагийг VII-V, VII-VI, VIII-VI, IX-VI, IX-VII зуун гэхчлэн янз бүрээр тогтоож байгаагаас А.С.Суразаков нарын эрдэмтдийн дэвшүүлсэн санал олонхийн дэмжлэгийг авснаар дараах үеүдэд хуваадаг.


МЭӨ VI-V зуунд холбогдох пазырыкийн соёлын түрүү үе (башадар-туэктагийн үе),
МЭӨ V-IV зуунд холбогдох жинхэнэ пазырыкийн үе
МЭӨ III-II зууны эхэн үед холбогдох хожуу пазырыкийн үе болно.Пазырык нь олон аймгаас бүрэлдсэн холбоо байжээ гэдгийг эрдэмтэн судлаачид нотолдог. Энэ нь тэдний оршуулгын зан үйлээр мөн илэрч байдаг. Пазырыкийн булшинд хүнээ баруун бөөрөөр нь хэвтүүлж толгойгоор нь зүүн зүг хандуулдаг билээ. Гэтэл зарим булшинд хүнээ зүүн бөөрөөр нь хэвтүүлж, толгойгоор нь баруун зүг хандуулдаг явдал тохиолддог байна. Түүнчлэн жинхэнэ пазырык булшинд хүнээ дүнзэн авсанд оршуулдаг бол зарим тохиолдолд чулуун авс ашиглах явдал байдаг.


Пазырыкын соёлд холбогдох булшийг бүр 19-р зууны үеэс малтаж эхэлсэн байдаг бөгөөд жинхэнэ шинжлэх ухаанч зорилго чиглэлтэй бөгөөд өргөн хүрээтэй малтлагыг 1920-иод оноос С.И.Руденко, М.П.Грязнов нар эхлүүлсэн юм. Тэд пазырыкийн үеийн язгууртны бунхнуудыг Пазырык, Башадар, Туэкта зэрэг газар малтаж их хэмжээний олдвор цуглуулсан юм. Малтлагаас гарсан гайхалтай сайн хадгалагдсан бөгөөд урлагийн өндөр түвшинд үйлдсэн олон зуун эд өлгийн зүйлс эрдэмтдийн анхаарлыг зүй ёсоор татаж, улмаар энэхүү археологийн соёлыг бүх талаас нь гүнзгий сайн судлахад чухал нөлөө үзүүлжээ.

Энэ соёлын гарал үүсэл маргаантай хэвээр байна. МЭӨ IX-VII зуун буюу түрүү скифийн үед Алтайд пазырыкийн соёлоос өмнө майэмирийн гэж нэрлэгдсэн археологийн соёл байсан билээ. Майэмирийн соёл пазырыкийн соёлоос олон талаараа эрс ялгаатай. Ийм эрс өөрчлөлт гарсан шалтгааныг зарим эрдэмтэн шинэ үндэстэн нүүдэллэн ирсэнтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Л.С.Марсодолов МЭӨ 585 онд киммерчүүд Ойрхи дорнодоос мидии ба лидийчүүдэд хөөгдөж улмаар Алтайд нүүдэллэн ирсэн гэж байгаа бол П.И.Шульга Казахстаны, магадгүй Дорнод Туркестаны сакчуудаас гаралтай гэж үзсэн байна. Мөн пазырыкийн соёлыг үлдээгч ард түмэн бол хятад түүхэнд нэр нь гардаг юэчжи нар мөн хэмээн С.И.Руденко, Д.Г.Савинов нар үздэг байна. Алтайд пазырыкийн эрин үе эхэлснээр энэ нутгийн ард түмний амьдралд олон өөрчлөлт гарсан юм. Үүнд, газар нутаг дорно болон умар зүгт тэлсэн, нийгмийн бүтцэд эрс ялгаа гарсан, хүн ам өссөн, шашин шүтлэгт өөрчлөлт гарсан (хуучин тахилгын төвүүд хаягдаж буган чулуу босгохоо больсон г.м.) зэргийг дурдаж болно.



1990 оны эхнээс пазырыкийн дурсгалын судалгаа онцгой идэвхижиж зөвхөн эрдэмтдийн төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байх болсон билээ. Үүнд Орос Алтайн зүүн өмнөд хэсэг буюу Монгол, Хятадын хилийн заагт Укокийн (монг. Үхэг) хөндийгөөс мөнх цэвдэг бүхий пазырык булшнуудыг малтан илрүүлсэн явдал гол нөлөөг үзүүлжээ. Малтлагаас онцгой сайн хадгалалттай эрэгтэй, эмэгтэй хүний занданшуулсан шарил, олон тооны мод, арьс, эсгий, алт, хүрэл, төмөр эдлэлүүд гарсны зарим нь урлагийн дээд зэргийн бүтээлүүд байжээ. Мөн жирийн булшнаас огт гардаггүй задарч үгүй болсон байдаг органик эд зүйлс (мод, эвэр, арьс шир, ноос үс, даавуу торго г.м.) мөнх цэвдэгийн улмаас сайн хадгалагдан үлдсэн байжээ. Алтайн өндөр уулын бүсэд байх мөнх цэвдэгтэй эдгээр булш өдгөө нийт хүн төрөлхтний соёлын чухал өвд тооцогдож байгаа бөгөөд олон нийтийн анхаарлын төд байнга байсаар байна. Одоогоос 2500 орчим жилийн өмнө холбогдох ийм хөлдүү булш дэлхий дээр зөвхөн ганц газарт - Алтайн ууланд байгаа нь зүй ёсоор энэ нутагт амьдарч буй ард түмнүүдийн бахархал болох учиртай.


Укокын хөндийгөөс олдсон шивээст мумми
1993 онд Оросын Алтайн Укокын хөндийгөөс оросын судлаач археологич Наталья Полосмак Алтайн мөнх цэвдэгт маш хадгалагдсан Пазырыкын шивээст гүнжийн мумиг олжээ. Энэ муми нь МЭӨ V зуунд холбогдох бөгөөд энэ эмэгтэйг 2400 гаруй жилийн өмнө булшилсан болохыг тогтоожээ. Уг эмэгтэй нь насаар залуу, шаргал үстэй, 170-180 см өндөртэй байжээ. Уг эмэгтэйн биеэн дээр амьтны дүрслэлт шивээс байсан байна. Шивээст гүнжийн муми дээр антроплогийн судалгааг хийж түүний дүр төрхийг сэргээн гаргасан байдаг.

Пазырыкийн соёлын тухай илүү их мэдээллийг энэ линкээр орж сонирхоорой.http://www.pazyrykmongolia.blogspot.com/

No comments:

Post a Comment